Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын мэндчилгээ

Төрөлх  сумынхаа  азай буурал,ахан дүүс  зон олон  та бүхнийхээ  амар мэндийг  эрэн  мэндчилье.

 Та бүхнийхээ  итгэлийг  хүлээж  төрийн түшээгээр сонгогдсоноос  хойш  бид бүхэн ард  түмнийхээ итгэлийг  өөрсдийн зүтгэлээр хариулахыг  зорин  ажиллаж ард  иргэдтэйгээ уулзаж, хийсэн  ажлаа тайлагнаж, хийх  ажлаа танилцуулан санал хүсэлтийг сонсож ирлээ.

Өнгөрсөн  хугацаанд  хийж  хэрэгжүүлсэн, санаачлан зохион  байгуулсан зарим онцлох  ажлыг  дээжлэн иргэд  та бүхэндээ  энэхүү  сониноор танилцуулж  байна.  Сум   орноо  он цагийн  туршид  оюун  ухаан, авьяас  билэг, хүч  хөдөлмөрөө  зориулан  ихийг  бүтээсэн  ахмадуудынхаа түүхэн  уламжлалыг  үргэлжлүүлэх, ирээдүйнхээ  хөгжлийг  тодорхойлох  зорилгоор “  2016-2020 он хүртэл сумаа хөгжүүлэх  Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөө гарган ИТХ-аараа батлуулан ажиллаж  2017 оны байдлаар 69,5 хувийн хэрэгжилттэй дүгнэгдсэн байна.

Улиран өнгөрч байгаа 2017 оныг  Рэнчинлхүмбэчүүд бид амжилт бүтээлээр дүүрэн үдэж  сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт  тусгагдсан төлөвлөгөөт  зорилтоо амжилттай хэрэгжүүлж нийгэм,эдийн засаг,ХАА,спорт соёл урлагийн гээд бүхий л салбарт  олон арван амжилтуудыг гаргаж ирлээ.

2017 онд сум орныхоо хөгжил дэвшлийн төлөө бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын олон ажлуудыг хийж шинэ онтойгоо золголоо.

Үүнд Дэд бүтцийн салбарт 132 сая төгрөгөөр сумын төвт 2 км хайрган хучилттай авто зам,250 сая төгрөгөөр Жи-Мобайлын интернетийн 3G сүлжээ зэрэг хөрөнгө оруулалтыг хийснээс гадна иргэдийнхээ эрүүл мэндийг  сахин хамгаалах түргэн шуурхай үйлчлэх зорилтын хүрээнд болон сургуулийн материаллаг бааз,сургалтын орчин хэрэглэгдэхүүнийг сайжруулж нэмэгдүүлэх,сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтанд  анхаарч улсын төсөв болон аймаг орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлж тодорхой хөрөнгө оруулалтуудыг  оруулж  ажиллалаа.

 Үүний үр дүнд сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг  хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд нийт 162 ажлыг тусган хэрэгжүүлж 980 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг  хийсэн байна.

Сум орноо хөгжүүлэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажилд тус сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч нь байнга тусалж дэмжин  УИХ-ын гишүүд болон аймаг улсад  тавьсан асуудлуудыг холбогдох байгуулагуудад  уламжлан  шийдвэрлүүлж сумынхаа төр захиргааны байгууллагатай тогтмол харьцаж хамтран  ажиллаж байна.

Үүний зэрэгцээ малчид ард иргэдийнхээ санал хүсэлтийг  сонсон тухай бүр нь шийдвэрлэн тусалж дэмжин тэдний итгэлийг хүлээн  ажиллаж ирлээ.

2017 онд сумын маань хүн ам,өрх,мал сүрэг өмнөх оноосоо өсөн нэмэгдэж 1391 өрх,4916 хүн ам,172941 толгой малтай боллоо.

 Рэнчинлхүмбэ сум түүхэндээ 7 мянгат малчинтай болсны гадна 43600 төл хүлээн авч 98,3 хувиар бойжуулж байгалийн бэрхшээлтэй байсан хэдий ч малчдын хичээл зүтгэл сум орон нутгаас тодорхой арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч хэрэгжүүлсний үр дүнд мал сүргээ 96,8 хувиар онд орууллаа. Байгал цаг уурын бэрхшээлийн даван туулахад төр засгаас онцгой анхааран ажиллаж 1908 малчин өрхөд 95 сая төгрөгийн өвс тэжээл эд материалын тусламж дэмжлэгийг цаг хүндэрсэн үед малчдад үзүүллээ

МАА-н салбарт 2017 онд Монгол улсын аварга малчин,аймаг сумын аварга малчид төрөн гарч 1000-т малчны тоо жил бүр нэмэгдэн эдгээр малчдаас улсын “Сайн малчин” Жанчивын Хүүжий нь тэмээ адуу үхэр сүргээрээ сүүлийн 5-н жил дараалан сумандаа шалгарч үүнээс 450-550 үхэр сүрэг тоолуулан аймагтаа тэргүүлж байна.

Манай сум нь оны эцэст 29647 үхэр сүрэг тоолуулан аймаг  улсад хамгийн олон үхэртэй сумаар сүүлийн 10 жил дараалан шалгарсаны зэрэгцээ жил бүр малын үүлдэр угсааг сайжруулж цөм сүрэг бүрдүүлэн 13491 хонины, 7780 үхрийн цөм сүрэгтэй боллоо.

Ирж буй 2018 онд манай суманд их бүтээн байгуулалтын жил байх бөгөөд сумын хөгжил,дэд бүтэц,иргэдийн амьдрах таатай орчныг  бүрдүүлэхэд нэн шаардлагатай сумын төвийг нэгдсэн халаалтад холбох,шилэн кабельд холбогдох,гүний худаг гаргах,”Ногоон зам” төсөл хэрэгжүүлэх,ЭМТ-ийн байр барих,ахмадын өргөөтэй болох,Жиглэгийн даваа засварлах зэрэг 20-оод төрлийн 2 тэрбум төгрөгийн ажил хийгдэх болно

 Цаашид зон түмнийхээ итгэлийг хүлээж сум орноо хөгжүүлэх, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдэнд төрийн үйлчилгээг бодитой хүргэхэд улам хичээн ажиллах болно.

            Нутгийн зон олон минь айлчлан ирж буй Алтан унжлагат хэмээх шороон нохой  жилдээ эрүүл энх, ажил үйлс, амьдрал ахуй нь өөдлөн дэвжих болтугай.