Дархад нутгийн билэгдэл Дархад адуу, Дархад хонь, Дархад улаан үхрийг танилцуулж байна
2024-09-13 15:00:00,   121

1. Тус омгийн адууг Ренчинлхүмбэ, Цагааннуур, Улаан Уул сумын нутагт өсгөж үржүүлж, уналга, эдэлгээнд ашигласаар иржээ. Дархад бие томтой, бахим богино хүзүүтэй, хэвлий томтой, цээж томтой, шулуун урт биетэй, булчин махны хөгжил сайтай, арьс зузаан, алхаа гишгээ тайвуу, өтгөн дэл хөөвөртэй байдаг. Хээлтэй гүүний арчилгаа маллагаа, нутаг бэлчээрийг зөв сонгон тохируулах явдал бол адуу үржүүлэгчдийн хамгийн анхаарч зохицуулбал зохих асуудлын нэг байдаг. Гүү дунджаар 11 сар гаруй буюу 335 хоног хээл тээх боловч, энэ хугацаа нь үүлдэр омог, нас, тарга хүч, арчилгаа маллагаа, тэжээллэг, хээлийн хүйс, нутагшил, тухайн адууны онцлог зэргээс шалтгаалан 320-349 хоногийн хэлбэлзлэлтэй байдаг. Гүүг унагалахаас нь сарын өмнө унага бойжуулах бэлтгэл хангасан байх ёстой. Гүү унагалахаасаа 14-30 хоногийн өмнө дэлэгнэх, умайн амсар улайж памбайх, хөдөлгөөн удаашрах зэрэг шинж тэмдэг илрэх боловч ихэвчлэн унагалахаас 5-7 хоногийн өмнө дэлэн нь чинэрч , хөх нь сарвайх, харуу асгах, зарим үед хөхнөөс уураг , сүү гоожих, дусагнах, гэдсээ харах,сүргээсээ хоцрох зэрэг шинж тэмдэг илэрсэн үед хээлтэй гүүг сүргээс нь ялгаж, гаднаа байлган унагалуулах хэрэгтэй. Гүү ихэвчлэн үүр шөнийн зааг , цаг агаарын таагүй нөхцөлд гадны нөлөөлөл, цочролын улмаас унагалах нь элбэг байдаг. Гүү хэвийн үед 30-40 минутанд унагалдаг байна. Байгаль цаг уур, экологийн нөхцөл байдалтайгаа зохицон үсэн бүрхүүлийн ургалт эрт явагддаг. Өвөл 40-60 см зузаан цастай бэлчээрээс цас малтан идэш тэжээлээ олж иддэг онцлогтой. Дархад адуу нь өвөл, хаврын улиралд тарга хүчээ төдийлөн алдахгүйгээс гадна салхи шуургатай үед уруудах биш сөрж, уулын таг руу гарч зузаан цасыг хөлөөрөө малтан сүрэглэн идээшлэх, гадны халдлагаас биеэ хамгаалах чадвар хөгжсөн. Зонхилох зүс нь цагаан бор бөгөөд хар сормуус бүхий бараан зовхитой байдаг нь цастай бэлчээрт идээшлэхэд нүд царгихаас хамгаалах үүрэг гүйцэтгэдэг зэрэг онцлог шинжүүдийг Дархад цагаан адуу өөртөө агуулдаг байна.

2. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Баянзүрх сумдад ардын селекцийн уламжлалт аргаар бий болсон, өндөр уулын бүсийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд маллахад зохицсон ноос - махны хэвшлийн хонийг түшиглэн  шинжлэх ухааны үндэслэлтэй шилэн сонголтыг явуулж,  “өөр дотор” нь сонгон үржүүлэх аргаар мах – өөх – бүдүүвтэр  ноосны чиглэлийн өөхөн сүүлт “Дархад үүлдэр”-ийн хонийг бий болгожээ. Мах-өөх-бүдүүвтэр ноосны Дархад үүлдрийн хонины онцлог: Тайгын болон ойт хээр, хээрийн бүсийн удаан үргэлжилдэг хүйтэн өвөл, богинохон сэрүүвтэр зунтай, цаг агаар тогтворгүй, эрс тэс өөрчлөлт бүхий экологийн нөхцөлд бэлчээрээр маллахад сайтар зохицсон байгалийн бэрхшээлийг тэсвэрлэх, цас цавчиж бэлчээр ашиглах, богино хугацаанд тарга тэвээрэг авах, ууц сүүлэндээ өөх ихээр хуримтлуулах, авсан тарга хүчээ удаан хадгалах зэрэг гайхамшигт чадваруудаараа бусад үүлдэр, омгийн хониноос ялгарах онцлогтой. Дархад хонь ихэвчлэн эвэргүй, богиновтор нэлээд зузаан дугуй өөхөн сүүлтэй, халзан, хар нүдэн, хар шар толгойтой хонь сүргийн дотор 80 гаруй хувийг эзэлдэг байна.

3. Хогрогын улаан монгол үхрийн судалгаа хийгдэж байна.

2024-09-13 15:00:00